Tuesday, January 3, 2012

Цүнх авч явахад анхаарах зүйлс

Аль ч насны эмэгтэй хүн 7кг-аас илүү хүнд юм үүрч, зөөх нь сөрөг нөлөөтэй байдаг гэвэл манай эмэгтэйчүүд ухаан алдаж унах биз. Арга ч үгүй, галт тэрэгний буудлаас шуудай шуудайгаар нь нүүрс үүрдэг эмэгтэйчүүдийг энд тооцохгүй байлаа ч гэсэн манайхан 7-8 кг төмс нэг мөсөн авчихаас ер нь  буцдаггүй  шүү дээ. Тун ойрхон хүнсний захаас гэхэд л, 10 кг-аас илүүг яасан ч үүрэхгүйг хичээгээрэй. Энэ 10 кило ч гэсэн тав таваар нь тэнцүүлж хоёр гартаа барих нь дээр шүү.

Сөөмхөн хэрийн гоёлын цүнх нь эмэгтэй хүний ээмэг бөгж шиг өнгө зохирох гоёл мөн боловч тийм хумсын чинээхэн цүнхтэй явдаг хүүхэн манай нөхцөлд хаа л билээ дээ. Эрчүүд ч гэсэн хүнд ширэн цүнхнээсээ няцдаг юм чинь. Тиймээс хүнд цүнхнээс шууд татгалзвал зохино. Хүнд цүнх нь ядраахаас гадна мөрний судсанд муугаар нөлөөлдөг. Тэр ч битгий хэл, ширэн оосор нь хүзүүний мэдрэлийг цочроож, тээртэй цүнх нь толгой өвтгөдөг болохыг америкийн эмч нар тогтоосон байна. Тиймээс толгой  өвдөхөд, анальгин уухаа яаравлахаас өмнө  цүнхээ арай  хөнгөнөөр  солиод эсвэл бүр цүнх үүрэхээс болиод үзээрэй. Цүнхийг тохойндоо авч явах хэрэггүй. Саальчин хүүхэн шиг цүнхээ тохойвчлох нь гарын судсыг хүчтэй шахаж, цусан эргэлтийг боодог.
Ер нь судасны хаа нэгтээ цусан эргэлт муудсанаас эрүүл хүний толгой өвдөөд зогсохгүй, бие султай хүн бол зүрх-судасны хурц өвчин ч тусч болно.
Хамгийн сонгодог, найдвартай, аюул хоргүй тээш бол үүргэвч юм. Үүргэвчинд  байгаа тээш нь хоёр мөрөнд адил хэмжээний даралт учруулдагаараа сайн талтай.  Тэгээд ч нурууны булчин гарынхыг бодвол илүү хүчтэй байдаг. Гол нь мөрөвч нь  зөөлөн, өргөн байх ёстой. Гэхдээ л та эр хүн 20кг-аас илүү хүнд юм үүрэх нь хэт ачаалалтайг санаж яваарай.
Энэтхэг, Вьетнам, Солонгос, Арабын орнуудын эмэгтэйчүүд хүнд юмыг толгой дээрээ авч явдаг нь тэд радикулит, нурууны бусад өвчинд өртдөггүйн үндсэн шалтгаан байдаг гэдгийг ч мэдэхэд  илүүдэхгүй.

No comments:

Post a Comment